“Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/-т элсэх үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд тус хүрээлэнгийн төслийн судлаачдын багийн гишүүд О.Эрдэнэчимэг, Л.Хайсандай, В.Энхбол нар “Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) ба Монгол Улс” товхимол (Редактор: Г.Чулуунбаатар, О.Хатанболд. Уб., Тод бичиг, 2016, 15 хх)-ыг боловсруулан гаргасан байна. Эл товхимолд Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны нөлөө бүхий байгууллага болох АПЕК-ийн (22 дахь) гишүүн улс болоход тавигдах үндсэн шаардлага, нөхцөл, хүчин зүйл, тэдгээрийг хангах боломж, арга замыг шинжлэх ухааны үндэстэй судлаж, Монгол улсын үндэсний чадавхийг бэхжүүлэх эдийн засаг, улс төр, дипломатын бодлого, үйл ажиллагаанд холбогдох тодорхой санал дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулахыг зорьжээ. Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцад оролцох, элсэх боломжийг судалсан баримт бичгийн экспертийн судалгааг гүйцэтгэсэн үр дүнг багтаасны дээр Монгол Улсын худалдаанд нөлөөлж буй зардлыг гравитацын аргаар тооцох энэхүү судалгаанд 2 аргачлалыг ашигласан. Нэгдүгээрт Монголын тээврийн зардлын нөлөөллийг регрессийн функцын арга, хоёрдугаарт Монголын худалдааны эргэлтэнд нөлөөлж буй худалдааны зардлын нөлөөллийг гравитацын аргаар тус тус тооцсон. Энэ судалгаанд “Монголын экспортын бүтээгдэхүүн БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин түнш орнуудын боомтод хүрэх” хувилбараар дүн шинжилгээ хийжээ.