Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.
Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.


МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХООРОНДОХ ХАРИЛЦААНЫ ЗУРАГЛАЛ
Хамтын ажиллагаа
Монгол Улсын хувьд Улаанбаатар хот, төвийн 6 дүүргийн хэмжээнд БНСУ-ын муж хотуудтай идэвхтэй харилцаа тогтоон заримтай нь ах дүүгийн найрамдалт харилцаа байгуулан байнгын хамтын ажиллагаатай байдаг. Харин энэ харилцаа, хамтын ажиллагааг цаашид сайжруулах, засах зүйлс нэлээдгүй бий. Хоёр улсын хамтын ажиллагааг ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага гэсэн үндсэн 3-н түвшинд хөгжүүлснээр иж бүрэн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Өнөөдөр буцалтгүй тусламж үзүүлдэг Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/, хөнгөлөлттэй зээл хариуцдаг Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан /EDCF/, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг сурталчлах агентлаг /KOTRA/ зэрэг байнгын хамтын ажиллагаатай 3-н том байгууллага, Намянжү соёлын төв, Солонгос хэлний Сэжүн институт, Солонгос иргэдийн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Харин хоёр улсын хамтарсан аль нэг салбарын төрийн, төрийн бус байгууллага одоо хүртэл бий болсонгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Япон төвийн хувьд 2016 онд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээний дагуу экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулах боломжтой 500 гаруй аж ахуй нэгжид бизнесийн сургалт явуулах, улмаар Японд дадлагажуулах, бүтээгдэхүүнийг нь худалдан авах гэх мэт олон ажлыг амжилттай хэрэгжүүлсээр байна.
Хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, урт хугацаанд үр дүн авч ирэх үндсэн философи нь амлалтаа биелүүлэх явдал юм. Дипломат харилцаа байгуулснаас хойших харилцааны хамтарсан мэдэгдэл, амлалт, гэрээ, санамж бичиг зэргийг уншиж үзэхэд амлалтаа биелүүлээгүй, хойшлуулсан, хүчингүй болгосон зүйлс нэлээдгүй тааралдана. Амлалтаа биелүүлэхэд эрсдэлийг хуваалцах, харилцан ашигтай байх, тогтмол уулзалт хийх, хурал зөвлөгөөнийг тогтмолжуулах, асуудлыг тодорхойлох зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө. Эдгээрийг хэмжих, үнэлэлт дүгнэлт өгөх, хүрээ хязгаарыг тогтоох, тодорхой хугацаанд төлөвлөгөө гаргах зэргээр хоёр улсын хамтын ажиллагааны нэгдсэн философитой болох нь зүйтэй төдийгүй цаашид гүнзгий судлах шаардлага урган гарч байна. Өөрөөр хэлбэл зөв шийдвэр гаргах, тогтоосон хугацаанд багтааж хэрэгжүүлэх, хянан үнэлэх, дүгнэн төлөвлөх гэсэн 4-н үндсэн зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээн үзэж болох юм. Энэхүү философи нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг модтой зүйрлэвэл тогтмол шаардагдах устай дүйцэхүйц чухал хэсэг юм.

Соёлын харилцаа
Өнөөг хүртэл ЗХА-д аюулгүй байдал, цөмийн зэвсэг, цэрэг арми, эдийн засаг, худалдааны хориг, улс төрийн харилцан маргаан нь явуургүй болох нь улам бүр нотлогдсоор ирлээ. ЗХА-д улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг урт хугацааны турш хадгалах хүчин зүйл шаардлагатай байна. Аливаа хоёр улсын гүн бат найрамдалт харилцааны суур нь соёл байдаг. Соёлын харилцаа нь ард түмэн хоорондын итгэлцэл дээр тогтдог тул аливаа улс төрийн маргаан, шашны мөргөлдөөн, цөмийн зэвсэг, худалдааны дайн зэргийг зөөллөж өгдөг төдийгүй бусад салбарын харилцааг бодвол удаан үргэлжилдэг. Нэгэнт соёлын харилцаа тогтсоны дараа жижиг маргаан, үл ойлголцлыг ард түмэн хоорондын итгэлцлийг эвдэхгүйн тулд дараад өнгөрдөг тохиолдол цөөнгүй бий. Учир нь олон улсын харилцааны хамгийн том үнэт зүйл нь итгэлцэл юм. Итгэлцлийг төрүүлж, бойжуулж, өсгөх нь нялх хүүхэд асрах мэт маш эмзэг нарийн ажиллагаа шаарддаг боловч нэгэнт суурь тавигдсан тохиолдолд улс төр, эдийн засгийн ямар ч хүчин буулган авахад амаргүй юм.
ЗХА-д будда, кунзын шашны нөлөө ихтэй. Ихэвчлэн гэр бүлд тулгуурладаг тул итгэлцэл олон нийтийг хамарч чаддаггүй. Христийн шашны хувьд итгэл нэгт хүмүүсээ ахан дүүс гэж үздэг тул нийтээрээ нэг гэр бүл мэт итгэлцлийн суурь байдаг. Учир нь хүүхдийг багаас нь шашны бүлэг юм уу сүм хийд, дунд юм уу их сургууль, арми юм уу компани гэхчлэн янз бүрийн байгууллагад татан оруулж, гэр орных нь хүрээнээс гаргадаг учир гэр бүлийн гадуурх хүй хамтлаг илт илүү нэр хүндтэй байсаар иржээ. Тиймээс азийн ард түмэн хоорондоо итгэлцэлтэй болохын тулд хоорондоо ойр дотно соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал хэмээн үзэж болох юм. Ялангуяа шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спорт, аялал жуулчлал, хүмүүнлэгийн харилцан туслалцаа зэрэг 6-н үндсэн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх нь ирээдүйд итгэлцэл төрүүлэх хүчин зүйл байж болно. Тухайлбал Пёнчаны өвлийн олимпод хоёр Солонгосын хамтарсан баг тамирчид оролцсоноор дэлхийн улс төрийн амьдралд ихээхэн өөрчлөлт авч ирснийг бид мэднэ.
Зөвхөн эрх ашигт суурилсан олон улсын харилцаа нь тогтворгүй, эмзэг, нуран унах магадлал өндөр бөгөөд элсэн дээр байшин барихтай адил юм. Харин үнэт зүйлд суурилсан харилцаа нь тогтвортой, хатуу, нуран унах магадлал бага бөгөөд хадан дээр байшин барихтай адил юм. Үнэт зүйлсийг хүний эрх, эрх чөлөө, шударга байдал гэхээсээ илүү хоёр улсын харилцааны итгэлцэл хэмээн ойлгож болно. Тухайлбал, АНУ, Умард Солонгосын аль аль нь шударга байдал, аюулгүй байдал, хүний эрх, улс төрийн эрх чөлөөг байгуулах тухай ярьдаг боловч хоорондоо итгэлцэл байхгүй тул ойлголцож чаддаггүй. Хэрэв Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзвал улс оронд нь хохирол учрахгүй гэх баталгааг АНУ гаргаж чадахгүй байгаа төдийгүй уг баталгааг гаргалаа ч Умард Солонгост итгэл төрүүлэхэд хэцүү.
Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны суурь нь соёлын салбарын харилцаа, соёлын салбарын харилцааны үндэс нь хоёр улсын хоорондын итгэлцэл юм. Солонгос үндэстний хувьд манай улстай түүхэн найрсаг харилцаатай ард түмэн юм. Монгол хөх толботой, төстэй царайтай, хэлний бүтэц адил, урал алтай язгууртай нэг үндэстэн хэмээх үгийг Солонгос хүн бүрээс сонсож болно. Дундад зуунд Солонгосын гүнж нарыг олноор нь ургийн харилцаанд оруулахаар Монгол руу илгээдэг байсан тул Монголын ээж улс хэмээн өөрсдийгөө нэрлэх нь ч бий. 1990 онд албан ёсны харилцаа тогтоосны дараа харилцаа улам бүр өргөжин өнөөдөр 200 гаруй сая ам.долларын худалдаа хийгдэж, 50 гаруй мянган монголчууд сурч, ажиллаж байна. Энэ хугацаанд албан бус тооцоогоор 100,000 гаруй мянган ард солонгос улсад ажиллаж үзсэн, хэлийг нь ямар нэг хэмжээгээр мэдэж байна. Мөн 3000 гаруй монгол эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл батлуулсан бөгөөд солонгос улсад өсөж хүмүүжсэн монгол хүүхдүүд, эрлийз хүүхдийн тоо олширсоор. Гэх мэтчилэн Монголд олон салбарт харилцаа, хамтын ажиллагаатай улсыг зөвхөн БНСУ гэхэд хэн ч маргахгүй билээ. Хоёр улсын харилцааг модтой зүйрлэвэл соёлын харилцаа нь модыг тэтгэгч хөрстэй дүйцэж болох юм.

Улс төрийн харилцаа
2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн тохиосон. Ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн 30-н том арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байв. Энэхүү ойг угтан Иж бүрэн түншлэлийн харилцаанаас Стратегийн түншлэлийн харилцаанд шилжих бэлтгэл ажил явагдаж эхэлсэн байна. Өнөөдрийн түвшинд хүрэхэд манай хоёр орны хоорондох харилцааны алдаа оноог нягтлан үзэхээр тэртээ 30 жилийн өмнөх улс төр эдийн засгийн хамтын ажиллагааг бага боловч дурдах нь зүйтэй болов уу.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтооход ГЯЯ-ны сайд Ц.Гомбосүрэн, Японд суугаа элчин сайд Б.Дашцэрэн, Японд суугаа БНСУ-ын элчин сайд И Үон Гюн нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Улмаар 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат, нарийн бичгийн дарга Ч.Дашцэрэн нарын гарын үсэгтэй зарлигт: “БНМАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосугай” хэмээсэн байдаг.
Энэ үеэр хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлж болох тодорхой хэдэн санал тавьсан. Тухайлбал, Коксжих нүүрсийг Намил, Самсунг зэрэг пүүсүүд сонирхож байна. Хэрэв БНМАУ-тай тохиролцон далайн боомт хүргэвэл зах зээлд борлуулах, зэс, молебдин, цайр, газрын ховор элемент зэргийг олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, үйлдвэрийн зориулалттай төрөл бүрийн цавуу, химийн мяндас зэргийг үйлдвэрлэх химийн үйлдвэр байгуулах, түүхий эд боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн гаргаж дэлхийн зах зээлд гаргах, хар төмөрлөгийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэрийг барихтай холбоотой бага оврын машин, тоног төхөөрөмж угсрах, үйлдвэрлэх, улмаар машины үйлдвэрийг хөгжүүлэх, электрон тоног төхөөрөмж угсрах үйлдвэр, үүнээс гадна био технологи, эрүүлийг хамгаалах, соёл, ШУТ-ийн салбарт хамтран ажиллах, хүн сургах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.
Мөн энэ үеэр Эдийн засгийн улсын хорооны 1 дүгээр орлогч дарга, БНМАУ-ын сайд Т.Намжим, ГЯЯ-ны орлогч сайд И Ги Жү, ЗХА-ын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга И Юн Хэн нарыг хүлээн авч уулзан хамтран ажиллах хэд хэдэн асуудлаар ярьсан байна. Үүнд: Нэг удаагийн тариурын үйлдвэр барих, нефтийн болон уул уурхайн салбарт хамтран ажиллах, ноолуур, тэмээний ноос, ангийн үс, бугын эвэр, архи, сүлжмэл, савхин эдлэл худалдан авах, зэс хайлуулах үйлдвэрийг Солонгосын тусламжтайгаар 90 онд багтааж ТЭЗҮ боловсруулах, цайр, кадмий, хагас дамжуулагч, хадан цагаан чулуу ашиглах үйлдвэр барихад хамтрах, БНМАУ дахь ашигт малтмалын нөөц, түүнийг ашиглах технологийн талаар хамтарсан судалгаа хийх, жуулчин, Иргэний агаарын тээвэрт хамтран ажиллах, ШУ, техникийн салбарт хамтрах, оюутан сургах, гаалийн татвараас чөлөөлөх, хамгийн бага хувь хүртэл хөнгөлөх, Худалдааны төлөөлөгчдийн газрыг нээх, сансрын холбоо бэхжүүлэхэд тусламж үзүүлэх, зам тээвэр, далайн боомт, төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргийг ярилцаж тохиролцсон байна.
БНМАУ-ын Эдийн засаг гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны орлогч сайд Ц.Молом, Өмнөд Солонгосын ГЯЯ-ны орлогч сайд И Ги Чу-г 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар ярилцсан зүйлс дотор хамтарсан үйлдвэр барих, байгалийн баялаг ашиглах, шинжлэх ухаан техникийн харилцаа холбоог хөгжүүлэх, зэс хайлуулж эцсийн бүтээгдэхүүн хийх, хятадын боомтоор дамжуулан худалдаа хийх, эдийн засгийн нээлттэй бодлого баримтлах, Монголд хөрөнгө оруулан Европын зах зээлд гарах талаар судалж үзэх талаар ярилцсан.
Харин БНСУ-ын талаас: АХБ-ны гишүүн болоход дэмжих, Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, ШУТ-ийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах, Хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээр байгуулах санал тавьсан. БНМАУ-ын ГЯЯ танилцуулах мэдээний 1990 оны 4 дүгээр сарын 1-ний өдийн дүгнэлтэд БНСУ-тай ямар нэгэн болзолгүйгээр дипломат харилцаа шууд тогтоосон нь цаг үеэ олсон бөгөөд БНМАУ нь эдийн засгийн идэвхтэй бодлого явуулж, Азийн орнуудтай идэвхтэй харилцах чиг шугамаа тууштай хэрэгжүүлж байгааг дэлхийн олон нийтийн өмнө илтгэн харуулсан алхам болов.
1991 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр манай талын тавьсан санал ажил хэрэгч бөгөөд ихээхэн сонирхол татаж байгаа юм. Үүнд: Дарханд хуванцар эдлэл, тоормосны накладка, унадаг дугуйны үйлдвэр, суудлын автомашин угсрах цех, автомашины гэрэлтүүлэгч шил, автомашин, мотоцикл, унадаг дугуйны резин дугуй, шалны хулдаас, цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэх цех зэрэг жижиг үйлдвэр БНСУ-тай хамтарч барих санал нотоор тавьсан боловч хариу өгөөгүй байдаг.
Мөн оны 3 сарын 27-30-ны өдрүүдэд Ц.Гомбосүрэн сайд БНСУ-н Гадаад хэргийн сайд Ли Сан Үгийн урилгаар БНСУ-д албан ёсны айлчлал хийв. Энэ үеэр хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах тухай хэлэлцээр, Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтрах тухай хэлэлцээр, Соёлын талаар хамтрах хэлэлцээр, Худалдааны хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан нь түүхэнд тэмдэглүүштэй чухал хамтын ажиллагаануудын эхлэл болсон юм.
Архивын материалуудаас үзэхэд тухайн үеийн БНМАУ-ын төр засгийн эрх баригч гол хүчин болох МАХН-ын Улс төрийн Товчооноос БНСУ-тай дипломат харилцаа тогтоох шаардлагатайг дараах 7-8 үндэслэлийн гарган тайлбарласан байдаг. Үүнд: 1. БНСУ-ыг дэлхийн 140 шахам улс орон хүлээн зөвшөөрч тус орон дэлхийн улс төрийн, эдийн засгийн бодлогод бодит хүчин болон хувирчээ. 2. Худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь манай талд эдийн засгийн талаар үзэмж ашигтай. 3. Өмнөд Солонгосыг дэмжигч нөлөөтэй улс гүрний дунд манай улсын нэр хүндийг өргөж, гадаад бодлогын үйл ажиллагааны салбарт хийж буй шинэчлэлийг харуулж, улс төрийн ач хологдолтой алхам болно. 4. Япон улс БНМАУ-аас Өрнөдийн орнуудтай явуулах эдийн засгийн хамтын ажиллагааг монополчлох өөрийн нөхцөлийг тулган хүлээлгэх хадлага гаргаж болзошгүй японтой өрсөлдүүлэн гаргаж ирэх нь манай талд ашигтай болно. 5. Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцад манай улс хамрагдан ороход нааштай нөлөө үзүүлнэ. 6. Ази Номхон далайн бүс нутгийн хойд хэсгийн орнуудын хооронд байнга үйлчлэх яриа хэлэлцээний механизм буй болгох тухай БНМАУ-ын дэвшүүлсэн шинэ санаачилгын нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл мөн гэж үзэх хэрэгтэй юм. 7. Өмнөд Солонгос “Дорнодын бодлого”-оо тунхаглан Европын социалист орнуудад өрнөж буй үйл явцын хүрээнд тэдгээр оронтой холбоогоо өргөжүүлж байгааг анхааралдаа авч БНМАУ-тай аливаа хэлбэрээр холбоо тогтоох сонирхол нь буураагүй байгаа өнөөгийн нөхцөлд холбоо тогтоох нь зүйтэй гэж үзнэ” гэсэн буй.
Энэ нь Монгол Улсын хувьд бие даан гаднын улстай харилцаа тогтоох шийдвэр гаргасан чухал мөч юм. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл Стратегийн түншлэлийн харилцаанд хүрэх босгон дээр тулж ирээд байна. Гэвч бид анх дипломат харилцаа тогтоох үед ярьж байсан зүйлсээ өнөөдөр ярьсаар байгаа нь хоёр улсын харилцаанд реформ хийх болсныг илтгэн харуулна.
Улс төрийн хувьд найрсаг, байнгын, тогтвортой, ил тод гэсэн 4-н зарчмыг тусгах шаардлагатай гэж үзэж байна. Улс төрийн харилцааг модтой зүйрлэвэл гол, мөчиртэй дүйцэж болох юм. Харин энэхүү харилцаа нь уламжлалаа хадгалсан шинэчлэлийг баримтлахгүй бол улс төрийн шинэ хүчин гарах бүрд урдхаа үгүйсгэн шинэ гэрээ, хэлэлцээ явуулж байгааг даруй засах шаардлагатай юм.

Эдийн засгийн харилцаа

Монгол Улс, БНСУ-ын хоорондын худалдаа 300 орчим сая ам.доллар, хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 455 сая ам.доллар буюу нийт ГШХО-ийн 2.1%-ийг эзэлж байна. Харин Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг нь 1991-2017 онуудад нийт 223 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Харин Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 аймгийн дулааны цахилгаан станц, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг төслүүдэд нийт 700 гаруй сая ам.долларыг зарцуулахаар болсон билээ. Солонгосын үндэстэн дамнасан группүүд болох Дэү, Самсунг, Постко зэрэг олон аж ахуй нэгж хөрөнгө оруулах санаатай байсан боловч өнөөдрийн байдлаар бүгд Улаанбаатар дахь оффис оо хаасан. Ихэвчлэн цаг агаарын эрс тэс уур амьсгал, далайд гарцгүй, дэд бүтцийн хөгжил тааруу, улс төрийн хувьд тогтворгүй, итгэл даахуйц хууль эрх зүйн орчингүй, жижиг зах зээлтэй зэрэг шалтгаанууд байдаг. Эдгээр нь цаг хугацааны явцад засах, шийдэж болох асуудлууд гэж ойлгож болно.
Цаашид хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллахад амлалтаа биелүүлэх, итгэлцэл төрүүлэх, харилцан ашигтай байх, урт хугацааны стратеги гэсэн үндсэн 4-н зарчим буюу хоёр улсын эдийн засгийн харилцааны философийг мөрдөж ажиллах хэрэгтэй болов уу. Үүний тулд хамтарсан судалгаа, хамтарсан үйлдвэр, хамтарсан бодлого, хамтарсан гэрээ байгуулах 4-н үндсэн хамтран боловсруулах судалгааг санал болгож байна. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн 3-н тулгуурт стратегийг Шинэ умардын бодлоготой уялдуулж ЗХА-д хамтран ажиллах нэгдсэн бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага үүсээд байна.
ЗХА-ийн эдийн засгийн эргэлт явагдаж эхэлснээр хөгжил ирэх тул Монгол Улс, БНСУ-ын хувьд Хятад, Умард Солонгостой хамтын ажиллагааны бодит судалгаа хийгдсэн байх ёстой. Олон улсын эдийн засгийн хоригоос шалтгаалан Умард Солонгостой одоохондоо эдийн засгийн харилцаа хөгжүүлэх боломжгүй боловч Монгол, Солонгос, Хятад гэсэн гуравласан эдийн засгийн харилцааны бодит судалгаа эхлүүлэх зайлшгүй шаардлага байна. Манай хоёр улс Хятадын нутгаар дамжин тээвэр хийхээс өөр аргагүй. Тиймээс хоёр талын харилцаа гэхээсээ илүү гурван талт, бүр цаашилбал Япон, АНУ, ОХУ, БНАСАУ зэрэг 7 талт хамтын ажиллагааны загварыг боловсруулах сорилт тулгараад байна. АНУ нь дэлхийн дэг журам тогтоох сонирхлоо алдаж байгаатай холбоотойгоор ойрын 2-3 жилд олон улсын худалдааны бүтэц нуран унах, улмаар Солонгосын экспорт хүнд байдалд орох эрсдэлтэй байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж одоогоос эхлэн хоёр улсын эдийн засгийн харилцааг стратегийн урт хугацааны зорилтуудыг тусгаж, хэрэгжүүлэх нь алсаа харсан ухаалаг бодлого байх болов уу. Хоёр улсын харилцааг модтой зүйрлэвэл үр жимс нь эдийн засгийн харилцаа байж болох юм.
Дүгнэлт
Манай хоёр улсын харилцаа цаашид байнгын хамтын ажиллагаатай, харилцааг хөгжүүлэх тогтмол үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай, ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг байгуулах, төлөвлөх, цар хүрээг тогтоох, үнэлэх дүгнэх нэгдсэн философитой болох нь зүйтэй санагдаж байна. Түүнчлэн хоёр улсын хооронд соёлын харилцаа багагүй байгаа боловч төлөвлөсөн, хамтарсан бодлого, онол байхгүйн улмаас цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй, цаг үеийн урсгалаар явж байгаа төдийхөн байна. Цаашид соёлын дипломат ажиллагаа, соёлын харилцааны талаарх нэгдсэн ойлголт байр суурийг онолын үндэстэй хөгжүүлэх хэрэгтэй. Улс төрийн харилцааны хувьд анх дипломат харилцаа тогтоож байхад хэлж ярьж байсан зүйлсээ одоо ч давтан хэлэлцсээр иржээ. Хэдийгээр улс төрийн харилцаа сайн байгаа мэт харагдаж байгаа хэдий ч амлалтуудаа алхам алхмаар хэрэгжүүлж эхлэх нь чухал юм. Ингэж гэмээ нь эдийн засгийн харилцаа гүнзгийрч хоёр улс харилцан ашигтай байж, үр шим хүртэх үндэстэй болно. Өөрөөр хэлбэл байнгын хамтын ажиллагаа, соёлын харилцаа гэдэг нь үнэт зүйл дээр ихэвчлэн тогтдог учир итгэлцэл бий болгох суурь болно. Дараа нь хоёр орны эрх ашгийг илэрхийлэх улс төр, эдийн засгийн харилцаа хөгжихөд хялбар болох юм. Зүйрлэвэл соёлын хөрсөн дээр итгэлийн үр суулгаж, байнгын хамтын ажиллагаагаар усалснаар улс төрийн харилцааны том мод ургаж, эдийн засгийн байнгын үр жимсээ өгөх хоёр улсын цогц харилцаа үүсэх юм.

                                                                                                                                                                  Бэлтгэсэн: доктор И.Энхболд


Бусад мэдээлэл